Сэтгэл гутрал
Америкийн сэтгэц эмнэлзүйн холбооноос гаргасан ангиллын дагуу (DSM 5) сэтгэл гутралын эмгэгийн (major depressive disorder) шинж тэмдэгийг товчлон бичлээ.
Гэхдээ энэ мэдээлэлд тулгуурлан өөртөө онош тавина гэсэн үг биш харин өөртөө тусламж авах чиглэлээ олоход ашиглах хэрэгтэй.
Сэтгэл гутрал хөнгөн, дунд зэрэг, хүнд гээд олон янзын хүндрэлийн түвшинтэй илэрдэг.
Оношийг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд л тавьдаг гэдгийг санаарай.
Сэтгэл гутралын эмгэгийн шинж тэмдэгүүд/ шалгуур үзүүлэлтүүд.
Тухайн хүнд доор дурьдсан шинж тэмдгүүдийн ядаж 5 нь хоёр долоо хоногийн хугацаанд зэрэг үргэлжлсэн байх бөгөөд гутралын мэдрэмж эсвэл бүх зүйлд сонирхол, таашаалгүй болох гэсэн хоёр шинж тэмдгийн аль нэг нь заавал илэрсэн байх.
Бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд гутралын мэдрэмжтэй байх.
Бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд бараг бүх төрлийн зүйлс, үйл ажиллагаанд сонирхолгүй, таашаалгүй байх эсвэл сонирхол таашаал огцом буурах.
Ямар нэг хоолны дэглэм бариагүй байхад жин огцом нэмэгдэх эсвэл хасагдах, бараг өдөр бүр хоолны дуршил ихэссэн эсвэл багассан байдалтай байх.
Бодол болон биеийн хөдөлгөөний хурд эрс удааширсан байдал (бусдад ажиглагдахуйц).
Бараг өдөр бүр сульдсан, эрч хүчгүй байдалтай байх.
Бараг өдөр бүр үнэ цэнэгүй болсон мэт мэдрэмж төрөх, хэт их тодорхой
шалтгаангүй гэмшлийн мэдрэмжтэй байх.
Бараг өдөр бүр бодох сэтгэх чадвар буурч анхаарал төвлөрөл сулрах эсвэл шийдэмгий бус байдалтай байх.
Тодорхой төлөвлөгөөгүйгээр үхэл, амиа хорлоттой холбоотой бодол орж ирэх эсвэл амиа хорлох тодорхой төлөвлөгөө гаргах
Сэтгэл гутралын эмгэг гэсэн онош тавигдахын тулд эдгээр шинж тэмдэгүүд нь тухайн хүнд клиникийн ач холбогдол бүхий стресс эсвэл нийгэм, ажил мэргэжил, бусад чухал үйл ажиллагаанд доголдол үүсгэж байгаа нь тодорхой байх ёстой гэж үздэг.
Мөн эдгээр шинж тэмдэг нь бодисын хамаарал, донтолт, дотоод шүүрлийн үйл ажиллагаатай холбоотой өвчлөл зэргээс үүссэн байх ёсгүй гэж үздэг байна.
#Жич: 1. Сэтгэл зүйч нарын хувьд дээрх DSM 5 ангилал оношлогоо хийх бас сэтгэцийн эмчид үйлчлүүлэгчээ шилжүүлэх эсэхийг шийдэхэд илүү ойлгомжтой байдаг гэсэн олон улсын хандлага байдаг болохоор энэ ангиллыг сонгон бичлээ.
Монголд сэтгэцийн эмч нар Олон Улсын Өвчлөлийн Ангиллыг (ICD-11) хэрэглэдэг. Гэхдээ дээрх хоёр ангилал хоорондоо дүйцэх боломжтой байдаг болохоор нэг их зөрүү мэдээлэл болохгүй гэж бодож байна.
2. Гашуудал, эмгэг сэтгэл гутрал хоёрыг хооронд нь ялгаж авч үздэг.
Жишээ нь
Олон шалтгаанаар хүнд амьдралын зарим нэг үед хоосон мэдрэмж төрөх, тэр нь тодорхой хугацаанд үргэлжлэх тохиолдол байдаг.
Ерөнхийдөө сэтгэл зүйч нар хүмүүс хамгийн хэцүү үед ч амьдралынхаа утга учрыг эрэлхийлж байдаг гэж үздэг.
Гэвч зарим нэг хайртай хүнээ алдах, ажлаас халагдах гэх мэт амьдралд хүчтэй нөлөө үзүүлэхээр таагүй үйл явдал цохилт үзүүлснээр амьдралын утга учир алдагдаж сэтгэл хоосорсон мэдрэмж үүсэх шалтгаан болдог.
Тэгэхээр өөрийн амьдралд дахин утга учир үүсгэхийг эрэлхийлэх, шинэ зорилго тавих, шинэ хоббитой болох, ёога, бясалгал хийх гэх мэт нь зарим тохиолдолд тустай байдаг гэж үзэх нь бий.
Мөн хоосрол, бие хүний хувьд өмнөхөөсөө эрс өөрчлөгдөх нь ямар нэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын шинж тэмдэг болж илрэх тохиолдол байдаг.
Тэгэхээр ямар шалтгаанаар хоосон, хоосорсон мэдрэмж төрөөд байгааг сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчид хандаж тодруулах нь зүйтэй.
Нэмэлт мэдээлэл болгон…
Хоосон мэдрэмж үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болдог сэтгэцийн эрүүл мэндийн асуудал буюу сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг таны асуултанд хариулангаа бусад хүмүүст мэдээлэл болох талаас нь хүргэж байна.